Бодоо
С.Баярт хүмүүс их итгэсэн. Зүгээр л өөр итгэж болох хүн олдохгүй байсан учраас итгэсэн.
С.Баярыг олон нийт бас ч гэж дэмжиж байсан. Тэр олон зүйлийг амласан учраас. Гэтэл одоо “Таван төгөлдөршилт” -өөс нь үлдэж байгаа нь юу вэ? Хэрэгжсэн нь хэд вэ? Инфляцийг нэг оронтой тоонд барьж, үнийн хөөрөгдлийг нам дарна гэсэн чадсангүй дээ. Тэр их гоё ярих юм. Яг л Элбэгээ шиг. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ ч гэсэн түүнээс дээрдэх юм алга шив дээ. М.Энхболдыг сольсноор юу өөрчлөгдөв. Мэдэх л юм алга.
Сайн талаас нь иргэд их л дэмжсэн, санасандаа хүрэх гэж тэр нэг их зүтгэсэнгүй. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн оптималь хувилбараар шийдэж чадна гэж найдаж байсан. Найдлага тасарч байх шиг байна.
Тэр маш их зарчимч, хатуу байр суурьтай, чанд хариуцлагын тухай ярьж байсан. Хэд хэдэн агентлагийн дарга солигдсоныг эс тооцвол хариуцлага тооцогдсонгүй. Хариуцлага тооцно гэдэг нь харин ч шоронд орохоос нь өмнө сольж амийг нь аврах ажил болж байна. Тэр гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцсонгүй, амий нь хоохойлов.
Тэр үндэсний үйлдвэрлэгчдээ дарамталж эхэллээ. Хэрэв хэлсэн үнээр бараагаа зарахгүй бол өмч хувьчлалынх нь асуудлыг эргэж харна хэмээн феодалын хөрөнгийг хураах шахуу агуулгатай үг хэллээ. Тэр яг тэгж хэлсэн. Олон сэтгүүлч байсан даа. Мэдэж байгаа.
Өмч хувьчлал нь маапаантай явагдсан юм бол тэр өдий болтол үхсэнээ хийгээд дуугүй яваад байсан юм бэ? Энэ эс үйлдэл нь түүнийг энэхүү гэмт хэрэгтэй цаагуураа эвлэрч байсныг харуулах бус уу? Тэр энэ мэтчилэн хэд хичнээн гэмт хэрэгтэй санаатай болон санамсаргүйгээр эвлэрсэн, нуун дарагдуулсан бэ? Нөгөө шударга царай, чанд хариуцлагын тухай үлгэр ганцхан үгээр л салхинд хийсэв.
Хэрэв өмч хувьчлал шударга болсон байгаад Баяр сайд зүгээр л бухимдахдаа шантажилж байгаа бол үүнийг юу гэж ойлгох вэ? Төрийн рекет мөн үү? Төрийн дарангуйлал уу? Дарангуйлал руу нэг алхам дөхөж байна уу?
Ингэхэд тэр ер нь хэн юм бэ? Энхбаяраас юугаараа ялгаатай юм бэ? Эсвэл тэр Энхбаяраас юугаараа дээр юм бэ? Намбар ван Монголын ураныг зарах гээд яваад байна, Асгатын ордыг Оросуудад бэлэглэх гээд байна, таван толгойг Оросуудад найр тавьлаа гэж хэвлэлээр шуугисан. Одоо С.С.Баяр ингэх гэж байна гэж шуугих боллоо. Авах идэхийн тухайд анхдугаар болон сэконд Баяр хоёр агаар нэгэн буй.
Одоо тэр Монголын шатахууны зах зээлийг Оросуудад найр тавин өгөх гэж байна. Адгийн жижигхэн төсөл хүртэл тендерээр явагдах болсон өнөө үед шүү дээ. Үүнийгээ тэр их ашигтай том наймаа тохиролцоо гэж байгаа, Монголын хараат бус байдал тусгаар тогтнолын баталгаа гэж байгаа ч үр дүн нь харин шал эсэргээр гарах нь тэнэг надад ч ойлгомжтой байна. Тийм тохиолдолд Ерөнхий сайд С.Баяр биш Сукин Сын Баяр гэж хэлэх л үлдэх шив дээ.
90-ээд онд ийм нэг үг тарж байлаа. Нэг Монгол эр нэгэн өвөрлөгчид “Бид Оросуудад 70 жилийн турш ясандаа тултал шулууллаа” хэмээн хэлж халаглан толгой сэгсэртэл, өвөрлөгч залуу “харин ч гайгүй өнгөрч хятадууд байсан бол ясанд чинь тултал мөлжчихөөд дараа нь чөмгийг чинь ташчихсан шүү” гэсэн гэнэ.
Одоо бол харин байдал өөрчлөгдсөн. Орос ч тэр, Хятад ч тэр ялгаагүй. Хоёр хомхой мангас Монголыг тасчин хуваахаар, урцалдан булаацалдаж байна. Гэтэл гэрийн эзэн нь юу ч болоогүй юм шиг өөр арга алга гээд сууж байх гэж.
Монголчууд өнөөдөр хятадуудаас цэрвэдгээс илүү Оросуудаас болгоомжилж, түгшиж байна. Шинэ Оросууд бол хууль журам, хүн ёс гэдгийг мэдэхгүй аюултай улс болсон талаар өдөр бүр өөрсдийнх нь сувгаар гарч байна. Дэлхийд хамгийн аюултай эрсдэл өндөртэй орон бол Орос болсон юм биш үү? Хамгийн өндөр өртөгтэй гэмт хэрэг төвлөрсөн, мафийн үүр нь Москва болсон бус уу?
Оросын бизнесмэнүүд Монголд орж ирнэ гэдэг нь Оросын мафи л орж ирнэ гэсэн үг. Ер нь Орос Монголын хооронд визгүй зорчино гэдэг шийдвэрийн цаана оросын гэмт хэргийн бүлэглэлийг л Монголд чөлөөтэй нэвтрүүлэх бодлого нуугдаж байж. Хайдав гуай Жавхлантайгаа “Гэгээн Зөвлөлт орон” –оо дуулаад байсан нь үүний л пиар байсан бололтой новш гэж. Тэд бүр эртнээс бодлоготойгоор эхэлсэн байж шүү.
Оросын мафи, гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирвэл Монголын хэдэн дошны атаманууд сүүлээ хавчуулаад зугтана. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөний хэд ч олон таван юм ярьж чадахгүй. Иргэний хөдөлгөөн битгий хэл нам доторх хөдөлгөөнүүд, жигүүр фракцууд ч дэвж шавж чадахаа байж нам болно. Өөрөөр хэлбэл Монголд жинхэнэ авторитари дэглэм тогтож, улс төр эдийн засгийн бүх эрх чөлөө хумигдаж, нэг хүний гарт орох нөхцөл бүрдэнэ. Хэний гарт орох вэ? Оросуудыг оруулж ирсэн хүний гарт.
Ийм үнээр би хямд бензин авахыг хүсэхгүй байна. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ нь Монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг юу юунаас илүү тод илэрхийлсэн үг шиг санагдана. Тэгэхээр хямд үнэтэй бензин, Орос ахын тусламжийн улаан буудайнаас илүү би эрх чөлөөгөө эрхэмлэнэ. Ийм тохиолдолд би Баярыг Чойбалсангаас ч долоон дор амьтан гэж бодохоос аргагүй болно. Чойбалсан Монголд их хядлага хийсэн ялтай ч Монголын тусгаар тогтнолын төлөө сахалт ахтай шөргөөцөлдөж, эцэст нь амиа өгсөн гэдэг. Цэдэнбал Монголыг Оросын Республик болгох гэж өргөдөл гарган гүйж явсан гэдэг ч хилийнхээ асуудлыг алдагдалтай ч гэсэн шийдэж чадсан байдаг. Улс төрийн хөшигний цаана юу яригдсаныг би мэдэхгүй. Түүнд ямар шахалт дарамт ирж байгааг ч бүү мэд. Гэхдээ ямар ч шалтгаан байлаа гээд ийм үнээр бензиний дарамтад орж тусгаар улсынхаа статусыг үнсэнд хутгаж болохгүй. Тиймээс ч долой С.С.Баяр (Сукин Сын Баяр) гэж хашхирмаар санагдлаа.