Улс төрчид заримдаа мөн ч дураараа ярих юм. Тэднийхээр бол Монголчууд, улс төрчид болон сонгогчид гэж хоёрхон бүлэгт хуваагддаг юм байх. Харин тэр улс төрчид нь НАМ гэдэг зүйлд харьяалагддаг юм гэнэ. Цаашлаад, нам нь болохоороо засгийн эрхийг авахын төлөө тэмцдэг, үүнийхээ төлөө юугаа ч хайрлахаа байчихсан нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шүдээ хүртэл зэвсэглэсэн ХҮН -үүдээс бүрддэг ажээ. Тэд энэ чигээрээ “төрсөн” гэнэ. Товчоор хэлбэл улс төрч хүн “төрдөг” буюу.
Нам гэдэг зүйл үүсч бий болоод нэг их олон зууны түүхийг туулаагүй. Харин төрсөн цагаасаа л намаар амьсгалж байсан улсын хувьд бол нам гэдэг нь мөнхийн зүйл бөгөөд ертөнц үүсэхэд л байсан шахуу зүйл гэж ойлгодог учраас нам бол тэдний амьдрах орчин болтой юм. Нам гэдэг нь ХҮН –ий амьдралын чухал салшгүй хэсэг болохын зэрэгцээ хүмүүсийн зөвхөн заримд нь л хамаатай зүйл аж. Нөгөө талаас нь харвал зарим хүмүүст огтхон ч хүртээлгүй юм байх. Намыг үл тоогчид нийгэмд дийлэнх бөгөөд тэд намгүйгээр өлхөн амьдраад, намгүй амьдралын хэв маягийг аль хэдийн сонгосон байдаг. Харин өчүүхэн хэсэг нь л намыг амьдралынхаа хэв маяг болгодог. Тэгсэн мөртлөө бас нам гэгч зүйлээ бусдаас харамлаж өмчлөх нь инээдтэй. Хүүхэд л, барахгүй байж бүх чихрийг тэвэрч хэвтдэг, тоглож чадахгүй байж бүх тоглоомоо харамлаж, дээр нь харсан бүх тоглоомоо, гоё харагдсан зургаа авах гэж гэнэхнээр тэнэглэдэг, өмчилдөг.
Намууд нам чигээрээ төрөөгүйгээр барахгүй урт удаан хугацааны туршид, нийгэм улс төрийн тодорхой нөхцөл байдалд, нийгмийн эрэлт хэрэгцээгээр үүсч хөгждөг бөгөөд ингэж ч анхны намууд үүсч бий болсон аж. Цаашид ч хэрэгцээ нь гарвал олон олон шинэ нам байгуулагдах бүрэн боломжтой, байгуулагдах ч биз. Зарим тохиолдолд засгийн эрх авахыг эрмэлзэж байгаа боловч, үүнийгээ хууль ёсны хэрэгслээр хийх боломжгүй улс төрийн байгууллагууд байдаг. Эдгээрийг сект буюу хөдөлгөөн хэмээн нэрлэдэг байна. XIX зууны сүүлчээр Германд социаль демократуудыг Бисмарк хууль ёсны бус хэмээн зарлаж байлаа. 1921 онд Ардын намыг хэн ч Дээд шүүхэд бүртгэж, албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэхдээ одоо болохоор МАХН -ынхан манай нам 1921 онд байгуулагдсан л гэдэг. Улс төрийн энэ хөдөлгөөнөөс гадна нийгмийн хөдөлгөөнүүд ч байдаг. Тэдгээрийг англиар Social movement гэж нэрлэдэг.
Намуудын үүсэл хөврөл нь эхлээд хөдөлгөөн л байдаг бөгөөд урт удаан тэмцлийн үр дүнд нам болон зохион байгуулагддаг болтой юм. Ардын Нам байгуулагдахдаа Хүрээний, түшмэдийн, цэргийнхний гэх мэт гурван ч тусдаа хөдөлгөөн, бүлгэмийн нэгдэл болж байгуулагдсан юм даг уу даа. Тэд анхандаа иргэний нийгмийн төлөөлөл байсан болохоос угаасаа Улаан намыг байгуулах гэсэн чин хүсэл зорилго байгаагүй гэдэг.
1989-1990 оны өвөл Монголын Ардчилсан Холбоо, Шинэ Дэвшилтэт Холбоо, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөн гэхчлэн олон хөдөлгөөн холбоод байгуулагдаж байсны суурь хөрсөн дээр МҮДН, МоАН, МСДН-ууд байгуулагдаж байлаа. Тэд эхээс төрөхдөө л заяаны намын гишүүн, хувьсгалч юм уу ардчилагч байсангүй, нам чигээрээ төрсөнгүй. Ц.Элбэгдорж бол бүүр сүүлд, ялах нь тодорхой болсон үед нь л Ардчилсан Намд элссэн гэх юм билээ. Ардчилсан Холбоогоороо явна гэж нэг хэсэг үзээд, дараад нь яагаад ч юм намд элссэн гэнэ. Хатагтай Дэлгэрмаа харин хэзээ элссэн юм бол бүү мэд, харин анхлан 1996 онд л УИХ-ын сонгуульд нэр дэвшиж диптаат болсон байдаг. Одоо бол харин тэрээр нам гэж нэг тусдаа, хөдөлгөөн бол тусдаа хэмээн сургаал айлдах боллоо. Болтугай болтугай. Тэд болохоор засгийн эрхийн төлөө тэмцэж, тулж байх үйл лайтай, бурхнаас заяасан зураг төөрөгтэй улс юм байх. Бусдад нь харин ийм хувь заяагаагүй бололтой.
Монголын улс төрд ажил үүргийн хуваарийг тэр тогтоов. Улс төрийг хийдэг ба хөндлөнгөөс нь шүүмжилдэг хоёр янзын үүрэг байдаг гэнэ. Улс төрийг хийдэг, засгийн эрхийн төлөө тэмцдэг, Засгийн Газрыг толгойлдог, хууль тогтоодог “ариун” үүргийг, үгүй түүний тайлбарлаж байгаагаар “хамаг хар бор бохир ажлыг” нь нам гэсэн бүлэглэлээр дамжсан намын гишүүд л гүйцэтгэх эрхтэй юм гэнэ. Харин хөндлөнгөөс нь харах, шүүмжлэх, шүлсдэх, алга таших үзэгчийн үүргийг бол иргэний нийгэм гэж нэрлэгдсэн хэдэн хүн гүйцэтгэж байх жанцантай ажээ. Энэ нь бол хамгийн чухал ариун үүрэг гэж тэр хэлж байна. Гэтэл иргэний нийгмийн хэдэн тэнэг нь ийм ариун үүргээ умартаад, тэнэг юм шиг улс төрийн хамаг бохир бузар булайтай хутгалдахаар тэнэгтээд байгаа юм байхаа. Тэр улс төрч учраас, улс төрийн сурах бичиг хүртэл бичиж байсан тэнгэрээс тэтгэгдсэн сартваах учраас түүний хэлсэн үг баараагүй зөв биз. Гэхдээ түүний хэлснийг л хэлэхгүй бол түүний үгээр л явахгүй бол шалгалтанд муу авч улс төрд тэнцэхгүй болох нигууртай.
Тэрээр ингэж хэлжээ, “Тєр хvчирхэгжээд иргэний нийгэм яагаад хєг¬жихгvй байна гэхээр иргэний нийг¬мийн гол лидерvvд нь улс тєрд орж, хяналт суларснаас л тэр”. Яг үнэн. Тэр ёстой голыг нь олоод жинхэнэ улс төр судлаач хүн шиг улс төрийн дүгнэлт хийжээ. Алгаа хорстол нь ташиж, хөлөө холготол дэвсэлье. Ардчилсан Холбооны лидерүүд улс төрд хутгалдаж, намд орсноос л тэр. Тэд л өөрсдөө иргэний нийгмийн хэсэг хэвээрээ байж байхгүй улс төрд орсон учраас гэсэн үг бас мөн үү дээ?
Тэд л улс төрд орсноор төр “хүчирхэгжсэн” гэсэн дүгнэлт гарч байгаа боловч төр хүчирхэгжинэ гэдэгтээ юуг ойлгож байгаа нь бас маргаантай. Түүний төрийн хүчирхэг болох талаарх ойлголт нь лав л Фукуямагийнхаас ялгаатай төдийгүй алд дэлэм зөрүүтэй бололтой. Хатагтай Дэлгэрмаагийн хэлсэн дээрх үгнээс бас дараах мөрдлөгөө гарна, мөн яг энэ шалтгаанаар, тэд л төрд шургалсан учраас иргэний нийгэм суларсан гэсэн дүгнэлт давхар гарч байна.
Хэрэв Дэлгэрмаа, Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл энэ тэр “иргэний нийгэм” болоод хяналт тавьж байсан бол хичнээн гоё байх байсан бол. Хэрэв УИХ-д дандаа Нямдорж, Шаравдорж, Бямбадорж гэсэн “мэргэжлийн” хуульчид нь байдаг байсан бол яасан сайхан сайхан хуулиудийг “засваргүй баталж”, тэрнийг нь иргэний нийгмийнхэн болох Эрдэнийн Бат-Үүл, Цахиагийн Элбэгдорж, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Даваадоржийн Ганболд, Хашбатын Хулан, Банзрагчийн Дэлгэрмаа нар, дээрээс нь Батзандан, Магнай, Ичинноров, форумын Энхбат, Арслан, Бум-Ялагч, Баасан эгч, сонгогчийн боловсролын төвийн Бурмаа, хуульч Тэмүүжин, Улс төрийн сонины Уянга, Баатархуяг өөр хэн билээ, аан тийм судлаач Ганхуяг, сэтгүүлч Дашрэнцэн нар нэмэгдээд зад шүүмжлээд л, жагсаж тэмцээд л өлсгөлөн зарлаад л, өндөг шидээд л явж байсан бол хичнээн сайн байх байсан гээч. Тэгсэн бол иргэний нийгмийн хяналт маш хүчтэй байх байж шүү дээ.
Үндсэн алдаа нь Батзандан нарын хэсэг нөхөд улс төрд орох гээд байгаад биш, харин Бат-Үүл нарын хэсэг нөхөд анхнаасаа улс төрд орж, буруу жишиг тогтоосноос болсон байна. Дамдины Сүхбаатар, Солийн Данзан, Д.Бодоо, Догсом, Лосол, Чагдаржав зэрэг анхны долоо нам болсныг яахав орхиё, Тэд одоо нэгэнт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн учир хөөн хэлэлцэхээ больё. Харин 90-ээд оны ардчиллын хэд нам мам болоогүй Ардчилсан Холбоогоороо яваад байсан бол тийм хэдэн иргэний нийгмийн залуучуудтай байсан бол өдийд манайд “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм” гээчийг байгуулж орхихгүй юу.
Байз гэхдээ. Монголд Иргэний нийгэм урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг болсон юм биш үү. Иргэн Ламжав, үндсэн хуулийн эцэг Б.Чимид, геологич С.Авирмэд, Хурц, Адмоны Р.Энхбат, ММГШ-ны П.Болд, өмгөөлөгч Санжаасүрэн гуай, Онги голын Ц.Мөнхбаяр, үндсэн хууль тогтоогч Логийн Цог, эмч Болдсайхан, Иргэний Холбооны Ч.Энхзаяа, Ч.Тамир, нийтлэлч Баярхүү, сэтгүүлч Цэрэнжав, бодлого судлаач Батболд, 25-ын З.Алтай, Иргэний Хөдөлгөөний Батбаяр, Амарсайхан, Чимэдцэрэн, ҮЭ-ийн Ганбаатар, Эрс Шинэчлэлийн Энхбат, ногоон хөдөлгөөний Ч.Саруул, Урбанекийн Лхагважав, Өдрийн сонины Мөнхбаясгалан, Янжмаа, Мөнгөндалай, Өнөөдөр сонины Оюунжаргал гээд л энэ жагсаалт цааш хөвөрнө, тэдний нэрийг төгсгөлгүй үргэлжлүүлж болно. 2005 оноос хойш хичнээн олон зүтгэлтнүүд шинээр төрөв.
Хатагтай Дэлгэрмаагийнхаар бол цаашид Монголчууд нийгмийн амьтан болохынхоо хувьд, чухам яг энэ үеэс эхлэн хоёр салбарлан хөгжиж улс төрчид гэх нэг салаа мөчир, иргэний нийгмийнхэн гэх нөгөө салаа мөчрөөр хувьсан хөгжих учиртай, нийгмийн хоёр өөр төрлийн амьтан болох зүй тогтолтой аж. Хүний нийгмийн эволюци хөгжлийн жамаар салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салбарлахаас аргагүйд хүрэв. Ийнхүү Дарвины онолыг нийгэм дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд социаль Дарвинизмын Монгол дахь өвөрмөц хувилбарын загалмайлсан эх нь Дэлгэрмаа болох юм. Энэ чухал нээлт зөвхөн Монголын улс төрөөр зогсохгүй Дэлхийн улс төрийн онол номлолд шинэ зүйл учраас, ирэх мянган жилийн улс төрийн амьдралыг тодорхойлох чухал нээлт болохын учир, НҮБ-ын оюуны өв санд нэн даруй бүртгүүлж, оюуны өмчөөр баталгаажуулж патентаа авах зайлшгүй шаардлагатай төдийгүй, Нобелийн шагналд ч нэрийг нь дэвшүүлэхэд болохгүй гэхийн газаргүй чухал нээлт хэмээн бибээр мунхаглана.