Эх сурвалж: http://www.news.mn
Ярилцсан: Б.Сэмүүн
Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Засаглалын шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сэтгүүлчдийн дунд “Зангиагүй уулзалт” зохион байгуулсан юм. Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин гишүүн 1970 оноос хойш төрсөн, 35-40 насны, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлстэй шинэ үе нийгэмд гарч ирсэн, энэ үе төр засаг болоод бусад зүйлсийг хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө харахыг хүсч байна. Тийм учраас би энэ удаа шинжлэх ухааныг яаж дэмжих, засаглалыг хэрхэн сайжруулах болон залуучууд юу бодож байна вэ гэдэг сэдвээр санал бодлоо солилцохыг хүсч байна гэлээ.
-Өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа.
Би ч гэсэн гүйцэд хөгжиж чадаагүй салбарын л нэг төлөөлөл. Монголд өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байхгүй. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаан өмнөх нийгмийн үеэс эхлээд шинжлэх ухаан гэхээсээ илүү үзэл суртлын зэвсэг л болж ирсэн. Тийм учраас хуучин посткоммунист орнуудад өмнөх нийгмийн үед шинжлэх ухааны цол, зэрэг хамгаалсан хүмүүсийнхээ цолыг бүгдийг хураасан. Тэгээд “таны хамгаалсан цол өнөөгийн нийгмийн шаардлага хангаж чадаж байна гэдгээ нотолж чадвал буцаагаад авч болно оо” гэсэн. Харин манайд тэгээгүй. Хүний хөгжлийн онолоор бол хүмүүсийг уламжлалт ба иргэншсэн гэж хоёр ангилдаг. Хүн амынх нь 50-иас дээш хувийг иргэншсэн хүмүүс бүрдүүлж байгаа улс орнууд өнөөгийн хөгжингүй орнуудыг тэргүүлж байгаа. Иргэншсэн хүмүүс амьдралынхаа тулгамдсан асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Өөрийнх нь бизнес ашиггүй боллоо гэхэд “надад зах зээлийн мэдлэг дутагдаж байна, удирдах арга барил маань буруу байна, эсвэл сэтгэлзүйн хувьд бий энэ ажилд бэлэн биш байна” гэх мэтээр өөрийнхөө ойлгодог зүйлд итгэж дүгнэлт хийдэг.
Уламжлалт хүмүүс бол өөрийнхөө ойлгодоггүй зүйлдээ илүү хүч чадал өгч, түүнд итгэдэг. Саяын тохиолдолд жишээ нь лам дээр очих ч юм уу. Лам “Авдранд чинь нэг улаан өнгөтэй эд зүйл байна, түүнийгээ гаргаад хаячихвал бизнес чинь амжилттай болно” гэхэд яг тэр ёсоор хийдэг. Аягүй бол авдраа уудлахад нэг улаан өнгөтэй зүйл олдож л таарна шүү дээ. Уламжлалт хүмүүс шийдвэр гаргахаас үргэлж зугтаж, харин хэн нэг нь өмнөөс нь шийдвэр гаргасны дараа үргэлж гомдоллодог. Уламжлалт хүмүүс Африк, Латин Америк болон Зүүн өмнөд Азийн орнуудын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг гэж үздэг. Төрийг дээдлэх үзэлтэй ийм хүмүүсийг хуурахад маш амархан. Тийм учраас уламжлалт хүмүүс зах зээлд илүү хохирдог. Манайд ч гэсэн хүн амаа иргэншүүлэхэд чиглэсэн боловсролын систем байхгүй учраас хүмүүс их эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Харин иргэншсэн хүмүүсийг бол хуурах боломжгүй. Тэдний асуулт нь үргэлж ухаалаг, тооцоотой байдаг. Ийм хүн амтай улс оронд ардчилал маш хурдан, үр дүнтэй хөгждөг. Ардчилал бол иргэншсэн хүмүүст зориулсан, тэдний оролцоо, хариуцлагыг шаарддаг нийгэм. Сайн ч, муу ч олон нийтийн оролцоог сонгодог учраас иргэд нь мухар сусэгтэй, хоёр дахь Чингэсээ хүлээдэг бол ардчилал бидэнд юу ч авчрахгүй.
Энэ ярианы дараа сэтгүүлчдийн асуулт хөвөрсөн. Ярианы сэдэв мэдээж саяхан “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдвээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр хийсэн сонсгол, шүүхийн шинэчлэл, хуулийн байгууллагын үйл ажиллагаа болон ардчиллын 20 жил, Ардчилсан намын шинэчлэлийн асуудал руу хандаж байлаа. Энэ талаар түүний сэтгүүлчдэд өгсөн хариултын товчлон хүргэе.
Харвардад хүний эрх заадаг л байлгүй дээ
-Төрийн дарангуйллын эсрэг хүний эрх гэдэг ойлголтыг сөргүүлэн тавьдаг. Хоёр иргэн хоорондоо зодолдсон тохиолдолд хүний эрхийн тухай барагтай бол ярьдаггүй. Хэрвээ цагдаа хэн нэгэнд зодуулсан бол ажил олгогч буюу Засгийн газартаа асуудлаа тавих ёстой. Харин цагдаад хэн нэгэн зодуулсан бол тэр хүний эрхийг шүүх, прокурорын байгууллага сэргээх ёстой. Гэвч прокурор өнөөдрийнх шиг нэг гараараа яллаад, нөгөө гараараа хүний эрхийг хамгаална гэж байхгүй. Прокурор яллаж чадаж байхад хүний эрхийг хамгаалах үүрэг нь шүүхэд байх ёстой. Та нар санаж байгаа бол сонсголыг дөрвөн чиглэлээр хийсэн. Баривчлан саатуулах байранд байхдаа цагдаад зодуулж эрхээ зөрчүүлсэн үү, мөрдөн байцаах ажиллагааны явцад хууль бусаар эрүүдэн шүүгдсэн үү, шударга шүүхээр шүүгдэх эрхээ зөрчүүлсэн үү, мөн цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь хүний эрхийг зөрчсөн үү гэсэн дөрвөн зүйлд хариулт өгөхөөр. Дөрөв дэх асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас бид зөвхөн иргэдийн мэдээллийг сонсоод орхисон. Харин эхний гурван асуудлаар бол хүний эрх зөрчсөн гэдэг дүгнэлт гарах нь тодорхой.
-Хууль тогтоох байгууллагын хэмжээнд л дүгнэлт гаргана шүү дээ, шүүх биш учраас. Хүний эрхийн зөрчил ямар хэмжээнд байсан гэдгийг бодитойгоор нь үнэлнэ, ийм зөрчлийг гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэл хийх ёстой вэ, энэ шинэтгэлийг хийхийн тулд ямар хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй вэ гэдгийг шийднэ. Хууль эрх зүйн болон институтуудын хувьд шинэтгэл хийх, мөнгө шийдэхээсээ гадна үүнийг хүсч эрмэлздэг албан тушаалтнууд тэнд байх ёстой шүү дээ. Тийм учраас хүсдэггүй албан тушаалтнуудыг яаралтай зайлуулах хэрэгтэй. Ядаж л нөгөө ХЭҮК-ийн даргыг хөдөлгөх хэрэгтэй болж байна. УИХ хамгийн түрүүнд хөдөлгөж болох газар нь тэр. УИХ-аас томилогддог, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг энэ хүнд хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газарт харьяалж байгаа цагдаад бид хариуцлага тооцож чадахгүй, хөдөлгөх ч үгүй. Үнэхээр хүний эрхийн зөрчил ийм хэмжээнд хүрчихсэн, ХЭҮК дээр ийм алдаа гарсан, үүний хариуцлагыг энэ хүн үүрэх ёстой гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох л ёстой. Гэхдээ энэ хүнээ хамгаалах хүмүүс ч бас гарч ирэх л байх. Тогтолцоо ярихаар бүгдээрээ санал нэгддэг мөртлөө хүн ярихаар нэгддэггүй хүмүүс олон шүү дээ. Сонирхол, амбицаараа холбоотой байдаг учраас. Хууль өөрчлөхөөс илүү хүнийг өөрчлөх нь хэцүү байдаг юм.
-Би бас ХЭҮК-ийн даргыг “Хүний эрхийн зөрчил гараагүй” гэж хэлснийхээ төлөө уучлал гуйлаа гэж бодоод “Яасан гэнэ ээ” гээд лавлаад асуусан чинь “Шүүхийн шийдвэр гараагүй байхад цагдаа хүн буудсан гэж дүгнэлт гаргасандаа уучлал гуйя аа” гээд хуучин сайдаас уучлал гуйсан. Тэгээд би бодсон л доо. Энэ хүн үнэхээр авьяастай, чадвартай юм байна. Даргын үүргийг гүйцэтгэх, эрх мэдэлтэнд бялдуучлах авьяас бол энэ хүнд үнэхээр байна. Гэхдээ хүний эрхийг хамгаалах ямар ч авьяас алга, хүний эрхийн төлөө ажиллах талаар ямар ч ойлголт алга. Тэр хүн өмнө нь уг нь зөв ажлаа хийж байсан юм билээ. Хууль зүйн сайдын туслахын ажлыг үнэхээр сайн хийж чадах хүн байна. Харин ХЭҮК-ийн даргыг бол хийж чадахгүй юм билээ. Чаддаг ажил дээр нь л тавимаар санагдаад байгаа юм.
-Манайд байгаа албан ёсны зовлонгуудын нэг л дээ. Германд бол прокурор нь Хууль зүйн яамныхаа харьяанд байдаг. Парламент буюу Бундестаг дээр прокурорыг дуудаад ирээгүй бол Хууль зүйн сайдыг шууд огцруулдаг. Манайд прокурор бие даасан бүтэцтэй, өөрсдийгөө шүүхийн хэмжээнд аваачаад үнэлчихсэн, хараат бус гэж ярьдаг учраас прокурорыг яах ч боломж байхгүй. Хэрвээ Германд ийм асуудал сөхөгдсөн бол цагдаа нарт, прокурорт аль хэдийн хариуцлага тооцогдсон л байгаа. Сая өргөдөл гаргаад ирсэн энэ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал сөхөгдчихсөн байгаа. Манайд энэ механизм нь байхгүй. Урьд нь ийм зүйл тохиолдож байгаагүй, УИХ нь ч ингэж ажиллаж үзээгүй. Бүр эмгэнэлтэй зүйл ярья. Оргилболд гэж залуу сонсголд гэрчээр орж мэдээлэл өгсөн, одоо “Ганц худагт” хоригдож байгаа. Дээрмийн хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас оргон зайлж магадгүй гээд хорьчихож байгаа байхгүй юу. Сонсголтой нь холбогдуулж хориод байна уу, яагаад байна.Үүний төлөө УИХ юу ч хийж чадахгүй. Германы парламентад сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийг хамгаалалтад авах системтэй. Манайд ямар ч хамгаалалт байхгүй. Би тэр зургаан иргэний аягүй эрсдэлтэй үед иргэний зориг гаргасан гэж бодож байгаа. Хэнийг ч яаж ч дарамталж, гүтгэж болдгийг тэр сонсгол дээр та нар нүдээрээ харсан шүү дээ.
-Мөнх-Оргил хувийнхаа туршлага дээр үндэслэж л тэгж хэлсэн байх. Харвард төгссөн диплом нь энд хэрэг болохгүй болохоор “Америкийн сонсгол энд хэрэг болохгүй юм байна” гэж үнэлж байгаа юм болов уу. Гэхдээ энэ чинь ганц Америкт хийдэг сонсгол биш шүү дээ, Германд ч гэсэн ийм сонсгол хийдэг, юу нь ялгаатай юм. Германд бол үүнээс аймаар, яг шүүх хурал шиг хийдэг. Гэхдээ ховор. Мөрдөн шалгах түр хороо байгуулаад тодорхой асуудал гарахаар сонсдог. Долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал байнга болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, сурсан мэргэжил боловсролоороо сонгуульд орох болохоороо л гоёдог, “Би Харвард төгссөн, Америк агуу” гэж ярьдаг, тэгсэн хэрнээ хүний эрх, хүнд хэрэгтэй зүйл ярихаар “Ер нь бол Америк ч бас дэмий ш дээ, ийм юм байх хэрэгтэй ч юм уу” гээд сууж байгааг би ойлгохгүй байна. Би сүүлдээ бухимдаад хэлсэн л дээ, “Хүний эрхийн асуудал дээр бол Мөнх-Оргил гишүүн олон улсын хуульч биш юм байна” гэж. Хуульч гэж хэлэхгүй байна шүү дээ. Би Мөнх-Оргилыг хуульч гэж үзэх ч үгүй, олон улсын хуульч гэж ойлгодог байхгүй юу. Олон улсын хуульчдад хоёрхон л зарчим байдаг. Нэг бол хүний эрхээр явах, үгүй бол олон улсын худалдааг сайжруулах. Алинаар нь ч мэргэшсэн бай хүний эрхийг заасан л байж таарна. Гэтэл хүний эрхийн эсрэг цагдаагийн эрхийг сөргүүлж тавиад байгаа хүнийг би юу гэж ойлгох вэ. Эсвэл санаатай мэдэн будилаад байна уу. Энгийн логик байдаг юм. Хэрвээ тэр хүнд цагдаа байх хэцүү, хүнд байвал цагдаагаасаа гарч болно шүү дээ. Өөр мэргэжил сонгоод, өөр хөдөлмөр эрхэлж болно. Иргэнд бол сонголт байдаггүй. Энэ нийгэмд амьдрахад хэцүү байна аа гэвэл “Та иргэнээсээ больж болно шүү дээ” гэж болдоггүй. Тийм учраас ардаа сонголт байдаггүй хүмүүст зориулж хүний эрх гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Харвардад заадаг л байлгүй дээ, бодвол.
-Яг сонсгол хийж байх үеэр гадаа ордны гадаа 100 гаруй хүн ирчихсэн эсэргүүцэл илэрхийлж байна, цагдаагийнхан ирчихсэн байна гэхээр нэг зүйлийг бодсон. Өмнө нь цагдаа прокурор луу нэг удаа дайрсан шүү дээ. Хэрвээ цагдаагийнхан түүн шигээ зохион байгуулалтад ороод ордон руу дайрахад хүрвэл ордныг хамгаалалтын хүмүүс биднийг хамгаалж чадах уу гэж. Яагаад гэвэл ордныг хамгаалалтынхан ТЕГ-ын, Ерөнхий сайдын харьяаны хүмүүс. Бид цагдааг биш, Ерөнхий сайдыг дуудаад ийм сонсгол хийж байхад Ерөнхий сайд жагсаал цуглаан зохион байгуулчихаад ордны хамгаалалтад “тар” гээд үүрэг өгчихвөл дуртай нь орж ирээд гишүүдийг зодохоор байгаа биз. Ийм явдал Орост гарсан. Оросын төрийн Дум, Ельцин хоёр хоорондоо үзэхэд Думыг хамгаалж байсан хамгаалалт буучихсан. Думыг 120 тусгай ажилтан сайн дураараа хамгаалж, Ельцин гадаа нь танк авчираад зоочихсон байсан шүү дээ. Ийм зүйл гардаг, Засгийн газар өөртөө байгаа хүчийг парламентын эсрэг ашиглаж болдог учраас парламент тусдаа хамгаалалттай байх ёстой. Аль ч оронд байдаг.
-Хэрвээ УИХ дахь олонхи Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг дэмжихгүй бол зөвлөмжөөс танагдана л гэсэн үг. Манай дэд хорооны гишүүдийн хувьд бол цаанаас нь үүрэг даалгавар өгөөд бүгдийг нь баадуудчихгүй бол гайгүй байх аа. Сонсголыг анх хийхэд эсэргүүцэх олон хүн байсан, сонсголын тухай журам ч байгаагүй. Гэхдээ сонсгол амжилттай болоход бас нэг зүйл нөлөөлсөн. УИХ-аас долоон гишүүн Америк явж, сонсгол яаж хийдгийг бүгдийг нүдээр үзээд ирсэн. Тийм учраас сонсгол зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг дээр Ж.Сүхбаатар гишүүн жишээ нь хатуу зогссон л доо. Түүнийхээ төлөө бас намынхаа бүлгээс ч нэлээд шахалт амсаж байгаа юм шиг байна лээ. Түүнийг бүлгийн дэд дарга болгоогүй нь шалтгаан нь сонсголоос болсон юм байна лээ шүү дээ.
-Миний эрх мэдэл, нөлөө хүрэх үгүйг би мэдэхгүй. УИХ-аар дүгнэлтүүдээ батлуулчихвэл энэ нь УИХ-ын албан ёсны баримт бичиг болно. УИХ ингэж шийдсэн учраас сайд энэ ажлаа хий гэж шахна. Чадахгүй гэх юм бол УИХ-д нэг л эрх мэдэл байгаа. Энэ сайдыг огцруулаад өөр чаддаг сайдыг нь тавья гэдэг. Гэхдээ ингээд ярихаар хувь хүнийх нь фактор аягүй нөлөөтэй. Энх барьж байгаа намын нөлөө бүхий кадрыг солино гэдэг Ц.Нямдоржийн сайдын өөрийнх нь хэлсэнтэй л адил болох байх л даа. “Тэмүүжин миний зэрэгт хүрэхийн тулд дахиад нэг 10 жилийн зай байна аа” гэж байгаа шүү дээ./инээв/ Хоёрт, сонсголтой холбогдуулаад хэлэхэд аягүй азтай нь гурван телевиз шууд дамжуулж өгсөн. Хэрэв телевизүүд дамжуулахгүй гэсэн бол сонсгол яах бол, олон нийтэд ингэж хүрч чадах уу?
-Над руу сонсголын өмнө ч, дараа нь ч утасдаж байгаа таван хүний гурав нь “Хамгаалалттай яваа юу, янз бүрийн юм болно шүү” л гээд байгаа. Би зүгээр л хүний эрхийг хүндэтгэдэг, хууль сахиулдаг хуулийн байгууллагатай болохыг л хүссэн шүү дээ. Энэ хүсэл тийм аймшигтай хүсэл үү. Юу ч тохиолдсон надад аймшигтай биш байна. Би сонгуулийн өмнө сонгогчидтойгоо уулзаад ярьж байсан нэг л үгээ санаж байна. Намайг манай сонгогчид хуульч учраас, хуулийн байгууллагуудыг өөрчилнө гэж бодсон учраас, хууль зүйн орчинг сайжруулна гэж итгэсэн учраас сонгосон. Тэр ажлаа л хийх ёстой. Тэр ажилд маань бэрхшээл байгаа бол түүнээс айх ёсгүй л гэж би хувьдаа бодож байна. Тэгээд ч манай монголчууд өөрийнхөө буруу үйлдлийн төлөө өөр муу зүйл хийх хүртлээ зэрлэгшчихсэн гэж би бодохгүй л байгаа. Би хичнээн цагдааг шүүмжилдэг ч гэсэн цагдаа бас тийм зэрлэг гэж бодохгүй л байна. Хуулийнхан бас ярьж байна гэсэн. “Тэмүүжин хуульч мөртлөө хуульч биш юм шиг” гэж. Хуулийнхантайгаа дайтаад гэж байгаа юм байлгүй.
-Монгол улсын Ерөнхийлөгчид ганц л эрх мэдэл байдаг. УИХ-ын чуулган дээр үг хэлдэг, УИХ-ыг тийм юмаа хийгээч ээ, хийхгүй бол ингэлээ шүү гэж жаахан баадуудаж, иргэдэд ховлодог. Шүүхийг шинэчилье гэдэг нь бол Ерөнхийлөгчийн улс төрийн хүсэл эрхэлзэл л байхгүй юу. Энэ хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх эрх нь хоёр газарт байдаг, 70:30-ийн харьцаатайгаар. Засгийн газар, Хууль зүйн яаманд 70 хувь, УИХ-д 30 хувь нь. Ерөнхийлөгч бол хүмүүсийн улс төрийн хүсэл эрмэлзлийг л өдөөж өгч байна. Үүнийг ажил хэрэг болгох, хүмүүсээ сулгаад бодлого болгож гаргадаг хүн нь одоо бол Нямдорж л байна шүү дээ. Хууль зүйн яамны дэмжлэггүйгээр хууль зүйн ямар ч байгууллага шинэчлэгдэхгүй. Хууль зүйн яамнаас орж ирээгүй бодлого УИХ дээр дэмжлэг авахгүй. Тэмүүжин ганцаараа Шүүхийн тухай хуулийг өөрчлөөд УИХ-д өргөн барья л даа, хэцүү шүү дээ. Харин Засгийн газар дээр дэмжээд ороод ирвэл Засгийн газраа дэмждэг хэсэг нь УИХ-д олонхи байхгүй юу. Засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй бол олонхийн дэмжлэг аваагүй Засгийн газар огцрох ёстой гэдэг өөр зарчим яригдана шүү дээ.
Хүссэн хүсээгүй ч хуульч мэргэжилтэй, мэргэжлийнхээ нэр хүндээр өөрсдийгөө илэрхийлдэг гишүүд байна
-Энэ бүх хуулийн шинэчлэлийг явуулахаасаа өмнө эхлээд парламентын шинэтгэлийг хийх ёстой. Хууль тогтоож байгаа 76 хүн ядаж өөрсдийнхөө асуудлыг шийдчих хэрэгтэй юм. Парламентад хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн үндсэн гурван чиг үүрэг бий. Гэтэл манайд эхнийх нь л байдаг, сүүлийн хоёр нь байхгүй. Парламентын төлөөлөх үүргийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-д Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулах хэрэгтэй. Манай гишүүд бол иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж аваад холбогпох байгууллага руу нь л шилжүүлэх үүрэгтэй байгаа шүү дээ. Нэг УИХ-ын гишүүнд сургалтын төлбөр шийдээд өгөөч гэсэн өргөдөл гэхэд жилдээ 200-300 ирдэг юм байна. “Тэгээд та нар үүнийг яадаг вэ” гэхээр “Боловсролын яам руу л шилжүүлчихдэг шүү дээ” гэдэг. Уг нь бол энэ бүх өргөдлийг багцалж үзээд Өргөдлийн байнгын хороо хуралдах ёстой. Нийгмэд ийм асуудал байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ, ямар хүмүүс төлбөрийн асуудлаар өргөдөл гаргаж байна, их дээд сургуулиудад ингэхэд оюутны төлбөрөөс өөр санхүүжилт байх ёстой юу, шинжлэх ухааны салбарт төсөвлөсөн мөнгийг яагаад ШУА дангаараа авч байх ёстой юм, их дээд сургуулиудад хэдэн хувийг нь өгөх боломжтой вэ гэх мэтчилэн хэлэлцэх ёстой. Үүнд ямар ч илүү бүтэц, үрэлгэн төсөв, давхардсан орон тоо хэрэггүй. Өргөдлийн байнгын хорооны хийх ёстой ганц ажил нь парламентын сонсгол л байхгүй юу. Яг саяын долдугаар сарын 1-ний асуудлаар сонсгол хийсэн шиг. Тийм учраас Өргөдлийн байнгын хороо байгуулах тухай хуулийн төслийг дэмжиж 16 гишүүн гарын үсэг зурсан, арваад гишүүн “Би ч гэсэн гарын үсэг зурах ёстой байсан” гэж хэлсэн, ер нь зөв шүү гэсэн байр суурьтай дахиад хэдэн гишүүн байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдчих байх аа гэж бодож байна. Дээр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Д.Дэмбэрэл дарга надад амласан, төсвийн хэлэлцүүлэг дууссаны дараа хамгийн түрүүнд нэгдсэн хуралдаанд оруулна гэж. Тэгэхээр Ө.Энхтүвшин даргыг гадаадаас ирэнгүүт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орчих байх.
-Хамгийн хэцүү нь манай байнгын хороо шүү дээ. Хамгийн их эрх мэдэлтэй, нөлөөтай байнгын хороог хамгийн нөлөөгүй болгож чаддагийн баталгаа энэ хэдэн парламентад байнга давтагдаж явлаа. Парламентад гурван байнгын хороо хамгийн хүчирхэг байдаг. Эдийн засгийн бангын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороо. Хууль зүйн байнгын хороон дээр нийгэмд байгаа хамгийн том маргаанууд хагалагддаг. Маргаад ирэхээр нь хуулийн тусламжтайгаар хагалагддаг. Энэ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын гол амин сүнс болсон Хууль зүйн яамыг хянадаг. Хууль зүйн яамыг хянах замаар хуулийн байгууллагуудад бодлогоо тулгадаг. Харамсалтай бусад улсын парламентад хамгийн үүрэг рольтой, ажил хийдэг газар нь манайд хамгийн сул байгаад байна. Одоо бол гишүүд хоорондоо ярилцаж л байна. Хүссэн хүсээгүй хуульч мэргэжилтэй, энэ мэргэжлийнхээ нэр хүндээр өөрийгөө илэрхийлдэг гишүүд байна шүү дээ. Тэдний хувийн амбиц нь намдаа дарагддаг юм гэхэд мэргэжлийн амбиц нь дотроос нь хатгаад өөр хоорондоо ярьж байна. Хууль зүйн байнгын хороог яах ёстой вэ гэж. Аль ч парламентад авлига, сонирхлын зөрчлийн хамгийн том хяналт энэ байнгын хороон дээр байдаг. Авлигын хяналт бол Засгийн газрын гэдэс дотрыг ганц уудалдаг зүйл нь. Тийм учраас Хууль зүйн байнгын хороо ажлаа хийх юм бол Засгийн газар энэ байнгын хорооны өмнө сөгдөж унана. Төсвийн хяналтаар буруу зарцуулагдсан мөнгө нь илэрдэг бол халаасалсан мөнгө нь Хууль зүйн байнгын хороон дээр илэрдэг байхгүй юу. Гэтэл манайд энэ нь байхгүй. Тийм учраас бид Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд авлига, сонирхлын зөрчилтэй холбоотой сонсголын хэв маягуудыг үүсгэе гэж ярьж байгаа.
-Нэг онигоо гарсан байна лээ. Монголд ирээд буцсан америк залуугаас “Монгол тэгээд ямар улс байна” гэж асууж.
-Монгол бол Хууль зүйн байнгын хороогоо л бөхөөр удирдуулдаг улс шүү дээ.
-Тэгээд тэр нь хуульчидтай нь өрсөлдөөд ялчихаж байна уу?
-Аа,өрсөлдөөн байлгүй яах вэ. Хоёр бөх нь барилдаад нэг нь ялсан гэж байна лээ гэж. /инээгээд/ Манай шинэ дарга бол гишүүдтэйгээ өглөө болгон мэндлэх үүрэгтэй болсон гээд өглөө болгон миний гарыг барьж байгаа. Магадгүй ийм зөөлөн хүн байгаа нь бидэнд бас ажил хэргээ явуулахад сайн ч байж магадгүй шүү дээ. Бат-Эрдэнэ гишүүн чинь бас хуульч мэргэжилтэй, доктор хүн л дээ. Гэхдээ бидэнд чинь бас мэргэжлийн нэр хүнд гэж байна. Надтай бас нэг нөхөр “Тэгж ярих юм бол би бас хуульч” гэж маргаад байсан. Би бол хэзээ ч тэр хүнийг хуульч гэж бодохгүй. ТМС төгсчихөөд хуульч гэж хэлбэл харамсалтай л байна. Яг ингээд ярихаар бас нэг бодлого ярих хэрэгтэй болдог. Хууль зүйн боловсролыг яаж ойлгох вэ гэж.
Лу.Гантөмөр бид хоёрт энэ үүрэг ноогдож байгаа гэж би ойлгодог
-Манайхан өөрсдөө залуу байгаа шүү дээ./ инээгээд/ УИХ дээр миний саннаачилсан хуулийн төслүүд батлагдах ёстой. Батлагдахын тулд би УИХ доторх намынхаа бүлгийнхэнтэй ойлголцох хэрэгтэй. Тийм учраас би намынхаа бүлгийнхэнтэй илүү ойрхон ажилладаг. Би бол Ардчилсан намыг сонгож орж ирсэн залуу, Ардчилсан намын нарийн бичгийн дарга байсан. Түүнээс биш биднээс өмнө хэн нэг нь зурчихсан энэ “Алтан гадас”, тэр “МоАХ” гэсэн хил хязгаарт ормооргүй байна. Энэ ч үзэл бодлоороо би залуучуудтайгаа илүү ойр байдаг. Би өөрөө либертари үзэл санаатай, өөрөө өөрийнхөө эзэн гэж боддог. Хэрвээ миний явж байгаа замд “Алтан гадас” хөндөлсвөл би “Алтан гадас”-ыг шүүмжилнэ, “МоАХ” зөрчилдвөл МоАх-ыг ч бас шүүмжилнэ. Миний явж байгаа замтай хоёулаа нэг байвал нийлээд л явна. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намын залуус үүнээс л татгалзаж байгаа. “Алтан гадас” ч юм уу, МҮДН, МоАХ гэж залуучуудаа хувааж аваад тэр залуучууд нь энэ нэг хүнд хувь хүнийхээ хувьд хэзээ ч дургүй биш байтал “Манай фракци энэ хүнд дургүй учраас” гэж нулиммааргүй байгаа байхгүй юу. Нулимах ёстой хүмүүс тэнд дүүрэн байхад дотроо бие биенээ нулимаад яах юм бэ. Тийм учраас Лу.Гантөмөр бид хэдийн хоорондоо тохиолцсон нэг зүйл нь аль нэг фракцийн гар хөл болохгүй. Алтан гадас, МоАХ, МҮДН гэж хуваагдаж тоглох тусам хэнд ашигтай юм, тэдэнд л ашигтай шүү дээ.
-Энэ хугацаанд МАХН залуучуудаа дөрөв сольсон байна. Гэхдээ солигдсон залуучууд нь өөрийн гэсэн бодолтой эсэхийг би мэдэхгүй. Зарим нь бол бодолтой юм шиг л ярьдаг. Гэтэл Ардчилсан нам залуучуудаа хэд сольсон бэ. Ирэх 20 жилд Монголын ардчилал ямар байх юм бол оо. Хэрвээ ирэх 20 жилд Монголын ардчилал тийм ийм болсон байх ёстой гэж бодож байгаа бол ирэх 20 жилийн Ардчилсан намыг өнөөдрөөс эхэлж харах ёстой. Тийм учраас Ардчилсан намын залуучууд “Одоо бид гаръяа” гэж гуйдаг биш, жаахан тулхэж гаргадаг байх ёстой. МАХН-ын залуучуудаас ялгаатай нь манай намын залуучууд лифтээр өгсдөггүй. Биднийг дарж байгаа нь, үл тоож байгаа нь ч гэсэн биднийг улам хүчтэй болгодог. Гэхдээ үүнд хэд хэдэн зүйл саад болж байгаа. Монгол улс төрөө олигархуудаас салгах ёстой шиг Ардчилсан нам феодалуудаасаа салах ёстой. Орон нутгийг өмчлөөд тэлээд хэвтчихсэн, хамаатан саднаараа дүүргэчихсэн, өөрөөсөө өөр хэнийг ч гаргадаггүй, тэгсэн мөртлөө намын хамт олноо гомдоодог, Ардчилсан нам гэхээр би байна гэж цээжээ дэлддэг тэр хэсгээсээ салах ёстой. Дээр нь дотроо фракц болж тоглодог улс төрийн соёл гэх уу, уламжлал гэх үү тэр нэг юмнаасаа салах ёстой. Би Ардчилсан намыг сонгож орж ирсэн болохоос биш аль нэг бүлэг францид нь орж, нөгөөтэй нь зодолдох гэж ирээгүй. Ардчилсан нам үнэхээр Монгол улсыг хөгжүүлье, урагш нь хөтөлье гэж бодож байгаа бол зөрчилдөж муудах хүн олон л байгаа биз дээ. Гэтэл тэр хүмүүстээ, МАХН-д байгаа таалагдахгүй байгаа хүмүүстээ очоод “Чи садаа болоод байна, зайлаад өг өө” гэж хэлэхийн оронд нөгөө хүмүүстэйгээ нийлээд “Энэ арчаагүй, адгийн амьтан байхгүй юу” гэж нам дотроо байгаа нэгийгээ адгаар нь хэлж байгаа хүмүүсийн би ойлгодоггүй. Энэ зарчим нь надад таалагдахгүй байгаа учраас “Алтан гадас” байна уу, “МоАХ” нь байна уу надад сонин биш. Надад юу сонин бэ гэвэл Ардчилсан нам ирэх 20 жилд хөлөө олоод явахын тулд, 2012 онд ялалт байгуулахын тулд яах ёстой вэ, түүнийг нь хийхийн тулд жаахан хүчтэй, зоригтой байх хэрэгтэй. Тэглээ гээд нам дотроо ч зодуулж, хэрчүүлж магадгүй л дээ. Гэхдээ тэр нь надад сонин биш байна. Надад жаахан томдсон ч санагдаж магадгүй нэг зүйлийг хэлэхэд Ардчилсан нам дотор залуучууд гарч ирэхэд хаалга үүдийг нь жаахан хүчтэйхэн мөрлөх үүрэг Лу.Гантөмөр бид хоёрт ноогдож байгаа юм байна л гэж ойлгож байгаа.
Б.СЭМҮҮН