Х.Тэмүүжин: Миний хүсэл тийм аюултай гэж үү

Эх сурвалж: http://www.news.mn

Ярилцсан: Б.Сэмүүн

Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Засаглалын шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сэтгүүлчдийн дунд “Зангиагүй уулзалт” зохион байгуулсан юм. Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин гишүүн 1970 оноос хойш төрсөн, 35-40 насны, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлстэй шинэ үе нийгэмд гарч ирсэн, энэ үе төр засаг болоод бусад зүйлсийг хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө харахыг хүсч байна. Тийм учраас би энэ удаа шинжлэх ухааныг яаж дэмжих, засаглалыг хэрхэн сайжруулах болон залуучууд юу бодож байна вэ гэдэг сэдвээр санал бодлоо солилцохыг хүсч байна гэлээ.

-Өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа.

Би ч гэсэн гүйцэд хөгжиж чадаагүй салбарын л нэг төлөөлөл. Монголд өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байхгүй. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаан өмнөх нийгмийн үеэс эхлээд шинжлэх ухаан гэхээсээ илүү үзэл суртлын зэвсэг л болж ирсэн. Тийм учраас хуучин посткоммунист орнуудад өмнөх нийгмийн үед шинжлэх ухааны цол, зэрэг хамгаалсан хүмүүсийнхээ цолыг бүгдийг хураасан. Тэгээд “таны хамгаалсан цол өнөөгийн нийгмийн шаардлага хангаж чадаж байна гэдгээ нотолж чадвал буцаагаад авч болно оо” гэсэн. Харин манайд тэгээгүй. Хүний хөгжлийн онолоор бол хүмүүсийг уламжлалт ба иргэншсэн гэж хоёр ангилдаг. Хүн амынх нь 50-иас дээш хувийг иргэншсэн хүмүүс бүрдүүлж байгаа улс орнууд өнөөгийн хөгжингүй орнуудыг тэргүүлж байгаа. Иргэншсэн хүмүүс амьдралынхаа тулгамдсан асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Өөрийнх нь бизнес ашиггүй боллоо гэхэд “надад зах зээлийн мэдлэг дутагдаж байна, удирдах арга барил маань буруу байна, эсвэл сэтгэлзүйн хувьд бий энэ ажилд бэлэн биш байна” гэх мэтээр өөрийнхөө ойлгодог зүйлд итгэж дүгнэлт хийдэг. (more…)

Published in: on December 14, 2009 at 8:14 am  Leave a Comment  

Ц.Мөнх-Оргил: Анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ

Эх сурвалж: http://munkhbayasgalan.niitlelch.mn

Сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийсэн ярилцлага

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо саяхан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын тухай нээлттэй сонсгол хийсэн нь улс даяар дуулиан тарьсан билээ. Эл нээлттэй сонсголыг ардчилсан нийгэмд байх ёстой зөв зүйтэй үйл явдал гэж талархах  хэсэг байхад “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн таагүй хандагсад ч бас байна. Гэхдээ тухайн өдөр болсон үйл явдлын үер Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа. Үйл явдлын халуун цэг дээр ажиллаж  штабыг удирдаж явсан түүний үг юу юунаас чухал биз ээ.
Төрийн ордонд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар нээлттэй сонсгол боллоо. Энэ танд ямар сэтгэгдэл үлдээв, хэр санагдав?

Хоёрдмол сэтгэгдэлтэй үлдлээ. Ер нь УИХ дээр ийм нээлттэй сонсгол цаашид хийж байх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөөтэйгүүр сэдэв, арга барилаа зөв сонгомоор байна.  Эл үйл явдал бол нийгмийг ихээхэн талцуулсан   бас  нэлээдгүй хэрэг  шүүх, прокуророор шалгагдсан хэвээр байгаа шүү дээ. Уригдсан хүмүүс, гэрчүүд, тавьж байгаа асуудал ч гэсэн улс төрийн өнгө аястай, асуудлын голыг олохоос илүү цагдаа, шүүхийг шүүж буруутгах өнгө аяс харагдаж байна лээ.

Ийм нээлттэй сонсгол хийж байх хэрэгтэй гэдэг талаар  АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн олон жил бидэнд зөвлөж, дүрэм журмыг нь боловсруулахад тусалсан юм. Эртээдийн сонсгол дээр ч гэсэн тэд тусдаа ширээ засуулаад сууж байсан.  Тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж нь манайхаас өөр гэдгийг бид бас мартаж болохгүй. АНУ-ын конгресс буюу парламент нь Үндсэн хуулиараа квази-шүүхийн үүрэг гүйцэтгэж, төрийн зарим албан хаагчдыг, тухайлбал Ерөнхийлөгчийг импичмент буюу албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг шийддэг. Төлөөлөгчдийн танхим импичмент үүсгэх эсэхийг шийдэж, сенат асуудлыг  шүүж эцсийн шийдвэр гаргадаг. Манай Үндсэн хуулиар УИХ-д ийм квази-шүүхийн эрх олгоогүй гэдгийг бид санаж цаашдын нээлттэй сонсголуудаа хийж баймаар юм шиг санагдсан. (more…)

Published in: on December 14, 2009 at 8:10 am  Leave a Comment  

Долой! С.С.Баяр

Бодоо

С.Баярт хүмүүс их итгэсэн. Зүгээр л өөр итгэж болох хүн олдохгүй байсан учраас итгэсэн.

С.Баярыг олон нийт бас ч гэж дэмжиж байсан. Тэр олон зүйлийг амласан учраас. Гэтэл одоо “Таван төгөлдөршилт” -өөс нь үлдэж байгаа нь юу вэ? Хэрэгжсэн нь хэд вэ? Инфляцийг нэг оронтой тоонд барьж, үнийн хөөрөгдлийг нам дарна гэсэн чадсангүй дээ. Тэр их гоё ярих юм. Яг л Элбэгээ шиг. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ ч гэсэн түүнээс дээрдэх юм алга шив дээ. М.Энхболдыг сольсноор юу өөрчлөгдөв. Мэдэх л юм алга.

Сайн талаас нь иргэд их л дэмжсэн, санасандаа хүрэх гэж тэр нэг их зүтгэсэнгүй. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн оптималь хувилбараар шийдэж чадна гэж найдаж байсан. Найдлага тасарч байх шиг байна.

Тэр маш их зарчимч, хатуу байр суурьтай, чанд хариуцлагын тухай ярьж байсан. Хэд хэдэн агентлагийн дарга солигдсоныг эс тооцвол хариуцлага тооцогдсонгүй. Хариуцлага тооцно гэдэг нь харин ч шоронд орохоос нь өмнө сольж амийг нь аврах ажил болж байна. Тэр гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцсонгүй, амий нь хоохойлов.

Тэр үндэсний үйлдвэрлэгчдээ дарамталж эхэллээ. Хэрэв хэлсэн үнээр бараагаа зарахгүй бол өмч хувьчлалынх нь асуудлыг эргэж харна хэмээн феодалын хөрөнгийг хураах шахуу агуулгатай үг хэллээ. Тэр яг тэгж хэлсэн. Олон сэтгүүлч байсан даа. Мэдэж байгаа.

Өмч хувьчлал нь маапаантай явагдсан юм бол тэр өдий болтол үхсэнээ хийгээд дуугүй яваад байсан юм бэ? Энэ эс үйлдэл нь түүнийг энэхүү гэмт хэрэгтэй цаагуураа эвлэрч байсныг харуулах бус уу? Тэр энэ мэтчилэн хэд хичнээн гэмт хэрэгтэй санаатай болон санамсаргүйгээр эвлэрсэн, нуун дарагдуулсан бэ? Нөгөө шударга царай, чанд хариуцлагын тухай үлгэр ганцхан үгээр л салхинд хийсэв.

Хэрэв өмч хувьчлал шударга болсон байгаад Баяр сайд зүгээр л бухимдахдаа шантажилж байгаа бол үүнийг юу гэж ойлгох вэ? Төрийн рекет мөн үү? Төрийн дарангуйлал уу? Дарангуйлал руу нэг алхам дөхөж байна уу?

Ингэхэд тэр ер нь хэн юм бэ? Энхбаяраас юугаараа ялгаатай юм бэ? Эсвэл тэр Энхбаяраас юугаараа дээр юм бэ? Намбар ван Монголын ураныг зарах гээд яваад байна, Асгатын ордыг Оросуудад бэлэглэх гээд байна, таван толгойг Оросуудад найр тавьлаа гэж хэвлэлээр шуугисан. Одоо С.С.Баяр ингэх гэж байна гэж шуугих боллоо. Авах идэхийн тухайд анхдугаар болон сэконд Баяр хоёр агаар нэгэн буй.

Одоо тэр Монголын шатахууны зах зээлийг Оросуудад найр тавин өгөх гэж байна. Адгийн жижигхэн төсөл хүртэл тендерээр явагдах болсон өнөө үед шүү дээ. Үүнийгээ тэр их ашигтай том наймаа тохиролцоо гэж байгаа, Монголын хараат бус байдал тусгаар тогтнолын баталгаа гэж байгаа ч үр дүн нь харин шал эсэргээр гарах нь тэнэг надад ч ойлгомжтой байна. Тийм тохиолдолд Ерөнхий сайд С.Баяр биш Сукин Сын Баяр гэж хэлэх л үлдэх шив дээ.

90-ээд онд ийм нэг үг тарж байлаа. Нэг Монгол эр нэгэн өвөрлөгчид “Бид Оросуудад 70 жилийн турш ясандаа тултал шулууллаа” хэмээн хэлж халаглан толгой сэгсэртэл, өвөрлөгч залуу “харин ч гайгүй өнгөрч хятадууд байсан бол ясанд чинь тултал мөлжчихөөд дараа нь чөмгийг чинь ташчихсан шүү” гэсэн гэнэ.

Одоо бол харин байдал өөрчлөгдсөн. Орос ч тэр, Хятад ч тэр ялгаагүй. Хоёр хомхой мангас Монголыг тасчин хуваахаар, урцалдан булаацалдаж байна. Гэтэл гэрийн эзэн нь юу ч болоогүй юм шиг өөр арга алга гээд сууж байх гэж.

Монголчууд өнөөдөр хятадуудаас цэрвэдгээс илүү Оросуудаас болгоомжилж, түгшиж байна. Шинэ Оросууд бол хууль журам, хүн ёс гэдгийг мэдэхгүй аюултай улс болсон талаар өдөр бүр өөрсдийнх нь сувгаар гарч байна. Дэлхийд хамгийн аюултай эрсдэл өндөртэй орон бол Орос болсон юм биш үү? Хамгийн өндөр өртөгтэй гэмт хэрэг төвлөрсөн, мафийн үүр нь Москва болсон бус уу?

Оросын бизнесмэнүүд Монголд орж ирнэ гэдэг нь Оросын мафи л орж ирнэ гэсэн үг. Ер нь Орос Монголын хооронд визгүй зорчино гэдэг шийдвэрийн цаана оросын гэмт хэргийн бүлэглэлийг л Монголд чөлөөтэй нэвтрүүлэх бодлого нуугдаж байж. Хайдав гуай Жавхлантайгаа “Гэгээн Зөвлөлт орон” –оо дуулаад байсан нь үүний л пиар байсан бололтой новш гэж. Тэд бүр эртнээс бодлоготойгоор эхэлсэн байж шүү.

Оросын мафи, гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирвэл Монголын хэдэн дошны атаманууд сүүлээ хавчуулаад зугтана. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөний хэд ч олон таван юм ярьж чадахгүй. Иргэний хөдөлгөөн битгий хэл нам доторх хөдөлгөөнүүд, жигүүр фракцууд ч дэвж шавж чадахаа байж нам болно. Өөрөөр хэлбэл Монголд жинхэнэ авторитари дэглэм тогтож, улс төр эдийн засгийн бүх эрх чөлөө хумигдаж, нэг хүний гарт орох нөхцөл бүрдэнэ. Хэний гарт орох вэ? Оросуудыг оруулж ирсэн хүний гарт.

Ийм үнээр би хямд бензин авахыг хүсэхгүй байна. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ нь Монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг юу юунаас илүү тод илэрхийлсэн үг шиг санагдана. Тэгэхээр хямд үнэтэй бензин, Орос ахын тусламжийн улаан буудайнаас илүү би эрх чөлөөгөө эрхэмлэнэ. Ийм тохиолдолд би Баярыг Чойбалсангаас ч долоон дор амьтан гэж бодохоос аргагүй болно. Чойбалсан Монголд их хядлага хийсэн ялтай ч Монголын тусгаар тогтнолын төлөө сахалт ахтай шөргөөцөлдөж, эцэст нь амиа өгсөн гэдэг. Цэдэнбал Монголыг Оросын Республик болгох гэж өргөдөл гарган гүйж явсан гэдэг ч хилийнхээ асуудлыг алдагдалтай ч гэсэн шийдэж чадсан байдаг. Улс төрийн хөшигний цаана юу яригдсаныг би мэдэхгүй. Түүнд ямар шахалт дарамт ирж байгааг ч бүү мэд. Гэхдээ ямар ч шалтгаан байлаа гээд ийм үнээр бензиний дарамтад орж тусгаар улсынхаа статусыг үнсэнд хутгаж болохгүй. Тиймээс ч долой С.С.Баяр (Сукин Сын Баяр) гэж хашхирмаар санагдлаа.

Published in: on May 4, 2008 at 6:30 am  Leave a Comment  
Follow

Get every new post delivered to your Inbox.